Tuesday, October 20, 2015

Аялал жуулчлалын үйлдвэрлэл: Зохион байгуулалт

Тур агент гэж юу вэ? Зарим нэр томъёоны тайлбарын хамт орууллаа
Аялал жуулчлалын үйлдвэрлэл: Зохион байгуулалт, тээвэрлэлт,

Жуулчинд жуулчлалын явцад хэрэгтэй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж буй үйлдвэр үйлдвэрлэгчдийн харилцан уялдаа бүхий системийг аялал жуулчлалын үйлдвэрлэл гэнэ. 
Аялал жуулчлалын үйлчилгээг ердийн ба ердийн бус гэж хоёр ангилна. Ердийн үйлчилгээнд:

·         тур оператор, тур агентлагийн зуучлах үйлчилгээ үзүүлэх
·         жуулчдыг тээвэрлэх
·         экскурс хийх, тээврийн бүх хэрэгслийг ашиглан холын замд тээвэрлэх
·         зочид буудал, зочломтгой ёсны үйлчилгээ үзүүлэх, зугаацуулах, үзмэр үзүүлэх
·         зочлох төвөөр үйлчлэх, аялал жуулчлал  ба мэдээллээр хангах зэрэг орно.
Гоо сайхан, үсчинд орох, мөнгө солиулах, даатгуулах, танин мэдэх, машин онгоц хөлслөх зэрэг нь жуулчны ердийн бус үйлчилгээнд багтдаг. 
Аялал жуулчлалын үйлдвэрлэл нь тур оператор, тур агент гэсэн хоёр хүрээтэй. Тур оператор нь 
Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг бүрэлдүүлэн, зах зээл дээр гаргаж, борлуулах, ажлыг эрхэлдэг хуулийн этгээд болон хувь хүнийг тур оператор гэнэ. Тур оператор нь:

·         Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг шинээр бүрдүүлэх. Зохих хугацаанд нь тохирсон үнээр, чанар бүхий багцаар үйлчлэхийг хэлнэ
·         Зах зээлд гаргах.  Шинээр бүрдүүлсэн аялал жуулчлалын бүтээгдхүүнийг сурталчилснаар мөнгөтэй хэрэглэгчийн жуулчлах сэдлийг төрүүлнэ гэсэн үг юм.
турагент нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулна.
Аялал жуулчлалын үйлчилгээ, турыг жуулчинд болон корпоратив үйлчлүүлэгчид худалдаж буй үйлдвэрийн газар болон хувь хүнийг тур агент гэнэ. Тур агент нь:
·         тур операторын даалгавраар турыг худалдах
·         тур операторын нэрийн өмнөөс турыг худалдах
·         турыг өөрийн нэрээр худалдах гэсэн үйл ажиллагааг эрхэлнэ.
Тээвэрлэлт
Жуулчны аялалын хамгийн чухал үе нь тээвэрлэлт байдаг. Тээвэрлэлт үгүйгээр аялал жуулчлал, аялагч, жуулчин байхгүй билээ. Жуулчны тээврий н хэрэгслийг:

·         завь, дугуй зэрэг хүний булчингийн хүчээр хөдөлдөг
·         заан, илжиг, нохой, морь, тэмээ зэрэг ердийн хөсөг
·         мотоцикл, машин, автобус төмөр зам зэрэг газрын тээвэр
·         агаар ба сансрын
·         моторт болон далбаат завь, гол мөрөн, нуур, далай тэнгисийн хөлгүүд хэмээн ангилдаг.

Тээвэрлэлтийн ажлыг үе шатаар нь:
·         трансфер буюу шилжүүлэх. Холын замын тээвэрлэлт хийх газар руу хүргэж өгдөг терминал автобусаар жуулчдад үйлчлэхийг хэлнэ.
·         Жуулчныг очих газарт нь хүргэх холын замын тээвэрлэлт хийх
·         Жуулчныг автобус, төмөр замаар маршрутын дагуу үйлчлэх
·         Жуулчныг хот, сэдэвчилсэн паркуудаар үзмэр үзүүлэх зорилгоор экскурсээр аялуулах 
·         Шоппинг тур хийсэн жуулчдын ачаа барааг тээвэрлэх зэрэг багтана.

Нийтийн хоол.
Хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ бол хоол хүнс билээ. 
Хоолыг ундааг хэрэглэгчид авчирч өгөх хэлбэрээр нь:
А. америк. Гал тогоонд бэлдсэн хоолыг тэнд нь порцлоод бэлнээр захиалагчийн ширээн дээр зөөгч авчирч тавих
Б. Англи. Гал тогоонд бэлдсэн хоолыг авчирч захиалагчийн ширээн дээр тавиад, зөөгч өөрөө аягалж өгөх
В. Франц. Гал тогоонд бэлдсэн хоолыг тусгай тавиур дээр авчирч тавихад захиалагч өөрийн хүслээр өөртөө аягалах  гэх зэргээр ангилдаг. Жуулчин бүхэнд өвөрмөц амттай, сэтгэл татам өөр маягийн хоол идэх, хүлээн авч буй орны хүмүүст зочдоо давтагдашгүй үндэсний хоолоороо дайлах хоёрын аль аль нь сэтгэлийн таашаал өгдөг. 
Жуулчдын хоол хүнсний хангамж дээр эрүүл мэнд, анагаах ухааны хүчин зүйлийг орхигдуулж болохгүй. Буруу хооллолт, ариун цэврийн муу нөхцөлд тааруу бэлдсэн хоол унд нь хордуулах аюултай. Египет, Энэтхэгт очсон жуулчдын 60 хувь нь ямар нэг хэмжээгээр хордлого авдаг. Мацаг баригч, цагаан хоолтнууд жуулчлалаар явахдаа очих газартаа энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх шаардлагатай. 
Үзмэр. 
Зугаацуулах программыг бүхэлд нь үзмэр гэж нэрлэнэ. Жуулчны объект болох музей, түүхийн дурсгалт газруудаар явах, хотоор болон байгалийн үзэсгэлэнт газруудаар танилцах экскурс хийх буюу баяр, наадам, концерт үзэх, дэлгүүр хэсэх, тоглоомын газраар  очих зэргээр танин мэдэх, зугаацан зорилгоор  явах нь  үзмэр үзэх гэсэн ойлголтонд багтана. Жуулчлалын үед спортоор хичээллэх нь мөн л үзмэрт багтана. Дэлхийд нэр хүндтэй спортын тэмцээн, уралдааныг үзэхээр жуулчид ихээр ирдэг билээ. Зугаацуулах олон цогцолбор б үхий сэдэвчилсэн парк нь жуулчны сэтгэлийг татсан үзмэр билээ. Диснейландэд очих дургүй жуулчин байдаггүй  нь үүний тод жишээ болох биз ээ. Ихэмсэг англичууд weekend-ээрээ сагс сүлжиж сурахыг хамгийн ашигтай зугаацал гэж тооцдог ажээ.

Аялал /Travel/ Аливаа хүн нэг газраас нөгөөд аялан явахыг. Жуулчлал /Tourism/ Хувь хүн цагаачлах, ажил хийхээс бусад амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, бизнесийн зэрэг зорилгоор нэг жилээс хэтрэхгүй хугацаагаар өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газар нутагт аялан явах, түр байхыг. Аялагч /Traveler/ Нэг газраас нөгөө газарт аялж байгаа хувь хүнийг.Гийчин /Visitor/ Өөрийн байнга оршин суудаг газраас өөр газарт 12 сараас хэтрэхгүй хугацаагаар ашиг, хөлс олох үйл ажиллагаанаас бусад зорилгоор аялж яваа хувь хүнийг. Жуулчин /Tourist/ Аялж очсон газартаа нэг хоногоос дээш хугацаагаар түр байрлах гийчнийг.Тур оператор /Tour operator/ Аялал, жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаас аяллын үйлчилгээг худалдан авч, улмаар тэдгээрийг нэгтгэн аялал, жуулчлалын багц бүтээгдэхүүн бүрдүүлж түүнийгээ бөөнөөр буюу эсвэл жижиглэнгээр худалдаалдаг ашгийн төлөө хуулийн этгээдийг. Аялалын агент /Travel agent/ Аялал, жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйлчилгээг бүхэлд нь эсвэл түүний тодорхой хэсгийг, түүнчлэн тур операторын бүтээгдэхүүнийг зуучлан аялагчдад жижиглэн худалдах, худалдан авах үйл ажиллагааг эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдийг. Очих газар /Destination/ Аялагчдын амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөхөд зориулагдсан үйлчилгээ, үзмэрүүдийн нөөц бололцоо бүхий газарзүйн нэгжийг. Үзэх зүйл /Attraction/Тухайн газарт аялагчдын сонирхлыг татаж, сэтгэл хөдөлгөх, амралт чөлөөт цагаа өнгөрөөх, үзэх, хийх зүйлүүдийг. Жуулчлалын үйлчилгээ /Tourism service/ Зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг. Жуулчлалын бүтээгдэхүүн /Tourism product/ Аялал, жуулчлалын байгууллагаас аялагч, жуулчдад үзүүлж байгаа төлбөрт үйлчилгээг. Аяллын хөтөлбөр /Itinerary/ Аяллаар очих газрууд, очоод хийх зүйлүүд, аяллын өдрүүд, цагийн хуваарийн тайлбар бичлэгийг. Зочид буудал /Hotel/ Төв суурин газарт байрласан, зочдыг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, өндөр үнэтэй үйлчилгээний цогцолборыг. Жуулчны бааз /Tourist camp/ Орон нутагт байрласан, жуулчдын аялах тав тухтай нөхцлийг хангасан байр, хоолны болон бусад төлбөрт үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний цогцолборыг. Ангийн отог /Hunting camp/ Агнуурын нөөц нутагт байрласан, анчид, жуулчдыг хүлээн авч байр, хоолны болон бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний цогцолборыг. Авто буудал /Motel/Авто замын дагуу байрласан, зочдыг хүлээн авч байр, хоол, авто засварын болон бусад үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний цогцолборыг. Буурчийн газар /Inn/ Орон нутагт байрласан, зочдыг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг сууц хэлбэрийн хувийн байрыг. Дэн буудал /Guest house, Bed and breakfast/Төв, суурин газарт байрласан зочдыг хүлээн авч байрлуулах, ихэвчлэн өглөөний хоолны үйлчилгээ үзүүлдэг хямд үнэтэй, жижиг зочид буудлыг хэлнэ.

1 comment:

  1. Sain bn uu shineer baigulagdaad uil ajillagaa yawulagui X tailntai company tur operatoriin gerchilgee awah ystoi yu.

    ReplyDelete